Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ

Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ

БҮРЭГХАНГАЙ СУМЫН ИТХ-ЫН ТАНИЛЦУУЛГА

2025-06-01

БҮРЭГХАНГАЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

1990 онд БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулийг баталсан. Тус нэмэлтийн хуулиар улсынхаа төрийн эрх дээд байгууллага, гүйцэтгэх засаглал, орон нутгийн удирдлагын тогтолцоог цоо шинээр томьёолсноор 1992 онд улсын бага хурал 2 сар гаруй хугацаанд хуралдаж Монгол улсын шинэ Үндсэн хуулийг баталснаар Нутгийн Өөрөө Удирдах хурал бүрэлдэн тогтсон байна. НӨУБ бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, баг хороонд ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ байна гэж хуульчлан өгсөн байна. Нутгийн Өөрөө Удирдах ёсны байгууллагын 33 жилд сумын иргэдийнхээ эрхэм дээд шийдвэр, эрх чөлөөт сонголтоор нийт 9 удаагийн Хуралд 188 Төлөөлөгч сонгогдон, иргэдээ төлөөлж, дуу хоолой, хүсэл зориг, эрх ашгийг нь илэрхийлэн, мэдлэг оюунаа уралдуулан өрсөлдүүлж, цөөнхөө хүндэтгэж, олонхоороо шийдвэрлэж ирсэн нь Монголын ардчилал, нутгийн өөрөө удирдах ёсны нэн шинэ түүх, эрх чөлөөний ололт байлаа.

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анхдугаар хуралдаанаа 1992 оны 09-р сарын 10-ний өдөр хуралдуулж байсан ба сонгогдсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг авч үзвэл эрэгтэй 13, эмэгтэй 6, насны хувьд 18-24 насны 1, 25-35 насны 8, 36-45 насны 5, 46-55 насны 3, 55-аас дээш насны 2, намын харьяаллын хувьд төлөөлөгчдийн 58 хувь буюу 11 нь нам бус, 36.8 хувь буюу 7 нь МАХН-ын гишүүн, 5.2 хувь буюу 1 нь МНН-ын гишүүн хүмүүс сонгогдсон байна. 1992 онд ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга орон тооны бус хэлбэрээр ажиллах болж орон тооны бус даргаар Нордогийн Лхагва (1992-1996) ажиллаж, 1994 оноос орон тооны нарийн бичгийн даргаар Маналжавын Бадам (1994-1995) жил ажиллаж байсан.

2.Сумын ИТХ-ын хоёр дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын ИТХ нь 1997 оны 01-р сарын 10-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж байсан ба сонгогдсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг авч үзвэл эрэгтэй 18, эмэгтэй 3, намын харьяаллын хувьд авч үзвэл төлөөлөгчдийн 52.3 хувь буюу 11 нь АН, 47.6 хувь буюу 10 нь МАХН-ын гишүүн хүмүүс сонгогдсон. 1996 онд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга орон тоогоор ажиллахад Дондогийн Батдэлгэр сонгогдон, нарийн бичгийн даргаар нь Гомбын Баярмагнай (1995-1997), мөн Чагнаагийн Наранчимэг (1998-1999) нар ажиллаж байсан.

3.Сумын ИТХ-ын гурав дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын ИТХ нь 2000 оны 10-р сарын 19-ний өдөр анхдугаар хуралдаанаа хийж байсан ба сонгогдсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг авч үзвэл эрэгтэй 16, эмэгтэй 4, намын харъяаллын хувьд авч үзвэл нийт төлөөлөгчдийн 85 хувь буюу 17 нь МАХН, 15 хувь буюу 3 нь АН-ын гишүүн хүмүүс сонгогдсон байна. 2000-2004 онд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Цэрэндоржийн Батсайхан сонгогдон, нарийн бичгийн даргаар Даваажавын Эрдэнэчимэг (2000-2002), Даваажавын Ичинхорлоо (2022-2004) ажиллаж байсан.

4.Сумын ИТХ-ын дөрөв дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын ИТХ нь 2004 оны 11-р сарын 05-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж байсан ба сонгогдсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг авч үзвэл эрэгтэй 11, эмэгтэй 9, намын харьяаллын хувьд авч үзвэл МАХН-аас 8, АН-аас 12 хүн сонгогдсон байна. 2004-2008 онд сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Маналжавын Бадам сонгогдон, ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Даваажавын Ичинхорлоо (2002-2009) ажиллаж байв.

5. Сумын ИТХ-ын тав дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын ИТХ нь 2008 оны 11-р сарын 20-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж байсан ба сонгогдсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг авч үзвэл эрэгтэй 14, эмэгтэй 8, намын харьяаллын хувьд авч үзвэл МАХН-аас 18, АН-аас 4 хүн сонгогдсон байна.(нөхөн сонгууль явагдаж байсан) 2008-2012 онуудад сумын ИТХ-ын даргаар Дамдинсүрэнгийн Догсом сонгогдон, ИТХ-ын Нарийн бичгийн даргаар Маналжавын Бадам (2009-2012) ажиллаж байсан.

6.Сумын ИТХ-ын зургаа дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын ИТХ нь 2012 оны 11-р сарын 27-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж байсан ба сонгогдсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг авч үзвэл эрэгтэй 9, эмэгтэй 12, намын харьяаллын хувьд авч үзвэл АН-аас 18, МАН-аас 3 (жагсаалтаар) хүн сонгогдсон байна. 2012-2016 оны сумын ИТХ-ын даргаар Сандагийн Загас сонгогдон, ИТХ-ын Нарийн бичгийн даргаар Индрээгийн Ичинхорлоо 2013 оноос өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

7.Сумын ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын ИТХ нь 2016 оны 11-р сарын 25-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж байсан ба сонгогдсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг авч үзвэл эрэгтэй 10, эмэгтэй 11, намын харьяаллын хувьд авч үзвэл АН-аас 10, МАН-аас 11 хүн сонгогдсон байна. 2016-2020 оны сумын ИТХ-ын даргаар Тойсонгийн Баатар сонгогдон ажиллаж байсан.

8.Сумын ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын ИТХ нь 2020 оны 11-р сарын 04-ний өдөр анхдугаар хуралдаанаа хийж байсан ба сонгогдсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг авч үзвэл эрэгтэй 10, эмэгтэй 11, намын харьяаллын хувьд авч үзвэл АН-аас 20, МАН-аас 1 хүн сонгогдсон байна. 2020-2024 оны сумын ИТХ-ын анхны эмэгтэй даргаар Жамьянцэрэнгийн Отгонтуяа сонгогдон ажиллаж байсан.

9. Сумын ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын ИТХ нь 2024 оны 10-р сарын 30-ний өдөр анхдугаар хуралдаанаа хийж байсан ба сонгогдсон төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг авч үзвэл эрэгтэй 11, эмэгтэй 9, намын харьяаллын хувьд авч үзвэл МАН-аас 14, АН-аас 6 хүн сонгогдсон байна. 2024-2028 оны сумын ИТХ-ын даргаар Н.Эрхэмбаяр сонгогдон ажиллаж байна.

Сумын ИТХ-ын есөн удаагийн сонгууль явагдсанаас 5 удаа сонгогдсон Төлөөлөгчид: Дамдинсүрэнгийн Зоригт, Самбилын Баттөгөлдөр, Дамдинсүрэнгийн Догсом, Цэрэндоржийн Батсайхан, Сандагийн Загас, Ганбаярын Наранзул, Мягмарсүрэнгийн Сэржмядаг нар байна. Мөн 4 удаа сонгогдсон: Даваажавын Ичинхорлоо, Нувааны Эрдэнэбат, Гомбын Баярмагнай, Тойсонгийн Баатар, Маналжавын Бадам, Чагнаагийн Наранчимэг, Төлөөлөгч нар байна. 

Сумын ИТХ-ын 2007 оны 01 дүгээр тогтоолоор нийт 4361 га эргэлтийн талбайгаас сумын газар тариалангийн салбарт ажиллаж байсан болон ажиллаж байгаа 51 иргэнд тус бүр 35га тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлж, тариаланчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн нь одоо ч иргэд, сум орон нутагт үр өгөөжөө өгч байна.

2012-2016 онд ИТХ-ын хуралдаанаар “Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” (2014-2032), “Сумын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвлөгөө” (2015-2024), Ногоон хөгжил хөтөлбөр, төлөвлөгөө, МАА-н талаар баримтлах бодлого, газар тариалангийн чиглэлээр баримтлах бодлого, Аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр, “Архигүй Бүрэгхангайчууд” хөтөлбөр, “Шатар” дэд хөтөлбөр, сум, суурины нийтийн эдэлбэр газрын ашиглалтад зохицуулалт хийх журам, Бүрэгхангай шинэ хотхон байгуулах, айл өрх, ААН-үүдийг нэгдсэн дулаанд холбуулах, хувийн орон сууцны төрлийг батлах, амины орон сууцны үнэ тогтоох, ЕБС-ийг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх, Л.Дандарын нэрэмжит талбай бий болгох, Нэрэмжит болгох, Бүтээмжийн ISO9001:2008 төсөл хэрэгжүүлэх тухай, Алтан төлийн эзэн, сайн малчин шалгаруулах журам, сумын эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээг төлбөртэй үзүүлэх журам, ЗДТГ-ын олон үйлдэлт тракторыг түрээсээр ажиллуулах журам, Хогны машин ашиглах, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, булахтай холбоотой харилцааг зохицуулах журам, , Нийтийн зар мэдээний болон ОНХС-гийн журам зэрэг бодлогын чанартай хөтөлбөр, төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж ажиллажээ.

2016-2020 онд улс орны эдийн засгийн тэргүүлэх чиглэл болсон газар тариалан, мал аж ахуй, уул уурхайн салбаруудад баримтлах бодлого болон “Бэлчээрийн менежментийн дэд хөтөлбөр зэрэг бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг батлуулж хэрэгжилтэд хяналт шалгалт явуулж, үнэлэлт дүгнэлт өгч ажилласан байна.

2020-2024 онд сумын Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Шинэ Бүрэгхангай-100” үйл ажиллагааны хөтөлбөр, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө (2022-2027),“Бүрэгхангайн хөгжил”ОНӨААТҮГ-ын дүрэм батлах, “Чинээлэг малчин”, “Зөв дадал-архигүй орчин”, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, баялаг бүтээгч дэмжих, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, “Цэвэр орчин-цэмцгэр Бүрэгхангай”, Бичил уурхай зэрэг дэд хөтөлбөрүүд, Бэлчээр ашиглалтыг сайжруулах журам, сум суурины бүсчлэл тогтоох, Хог хаягдлын төлбөр, хураамжийн хэмжээ, Малын тоо толгойн албан татварын хэмжээ тогтоох, шилдэг Төлөөлөгч, хороо, БИНХ шалгаруулах журам батлах тухай, Ногоон тэжээл, Хожуул-унианги-гишүү, Мал угаалгын ванн зэрэг төслүүдийг тус тус баталж ажиллаж байна.

Булган аймгийн ИТХ-аас Нутгийн Өөрөө Удирдах байгууллагыг орон нутагт төлөвшүүлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, Хурлын тасралтгүй байнгын үйл ажиллагааг ханган ажилласан ажлын үр дүнг үнэлэн сумдын ИТХ-ын 2014 оны ажлаараа Тэргүүн, 2015 оны шилдэг ИТХ-аар, 2017-2018 онуудад Гутгаар, 2021 онд дэд, 2022 онд Тэргүүн байр, 2023 онд тэргүүн байруудыг тус тус эзэлсэн байна.

                        БҮРЭГХАНГАЙ СУМЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5
3 / 60%
2 / 40%
0 / 0%
0 / 0%